Борнуур сумын Ерөнхий боловсролын сургууль нь 1938 онд одоогийн сумын төвийн зүүн дэнжид 5 ханатай гэр 2 багш, 25 сурагчидтай байгуулагдаж байсан. 2025-2026 оны хичээлийн жилд 934 сурагчтай, 31 бүлэг, захирал, бага, дунд боловсрол хариуцсан сургалтын менежер, нийгмийн ажилтан, 53 багш, 26 үйлчилгээний ажилтан, албан хаагчидтай үйл ажиллагаа явуулж байна. Сургуулийн захирал Х.Энхтуяа, суурь, бүрэн дунд боловсрол хариуцсан сургалтын менежер М.Анхзаяа, бага боловсрол хариуцсан сургалтын менежер И.Лувсанхурц, нийгмийн ажилтан Б.Энхтуяа нар ажиллаж байна. Дотуур байр 140 сурагч амьдарч байна.

Ерөнхий боловсролын сургууль 4 заах аргын нэгдэлтэй, магистр 21, тэргүүлэх зэрэгтэй багш 5, заах аргач зэрэгтэй 20 багш, Боловсролын тэргүүний ажилтан 11 багш ажиллаж байна. Сургуулийн хэмжээнд 22 төрлийн сонгон, дугуйлан хичээллэдэг. “Уран нүүдэл” шатрын клуб ажиллаж сургуулиараа шатарчин болох хөдөлгөөн өрнүүлж нийт сурагчдын 80% шатар тоглож сурсан. 3 үеийн цахилгаан хөгжмийн, “Болор эгшиг” морин хуурын, Бишгүүр хөгжмийн “Солонго”, найрал дууны “Аялгуу”, мандолин хөгжмийн “ Яруу эгшиглэн” хамтлагуудтай. Спортын амжилтаар аймагтаа тогтмол 1-3-р байранд шалгардаг. “Улсын цанын аварга”, “Аймгийн хошой цанын аварга”, “Цодгор хүү” шатрын аварга баг тамирчидтай. Аюулгүй орчин бүрдүүлж “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-ын 3-р шатны болзлыг 2 удаа хангасан, “Номын сайн нөхөр сургууль”, Аймгийн “Шилдэг ногоон байгууламжтай сургууль”-аар 2016, 2018 онуудад шалгарсан хөдөлмөрч, бүтээлч хамт олон билээ.

2023 оны 10 сарын 10. Мобиком корпораци “Хүүхэд бүрт бүтэн боловсрол” уриан дор “SMART EDUCATION 3 “ төсөл хэрэгжүүлж улсын хэмжээнд хотод 2, хөдөө 6 сургуульд 110 сая төгрөгний дижитал ангийг хүлээлгэн өгсөн сургуулийн нэг болж багш сурагчид технологийн дэвшлийг сургалтандаа ашиглан хамтдаа хөгжих боломжийг бүрдүүлсэн.

Гадаад харилцааг хөгжүүлж БНСУ –ын Инчеоны Инха коллеж, Шинжон дунд сургуультай шефийн холбоотой ажиллаж давхардсан тоогоор 15 удирдлага, багш ажилчид, 17 сурагч туршлага солилцох сургалтад хамрагдсан. БНСУ –ын шүүхийн ажилчдын сайн дурын байгууллагатай 11 дахь жилдээ сургалтын орчин сайжруулах, ногоон орчин бүрдүүлэх, жил бүр 12 дугаар ангийн 2 сурагчид цаашид суралцах сургалтын тэтгэлэг олгох чиглэлээр хамтран ажиллаж , боловсролын чанар, хүртээмжийг сайжруулан ажиллаж байна.

Боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд бага ангийн хэмжээнд “Математик сэтгэлгээ ба уран нүүдэл”,” Эх хэл эгшиглэнт аялгуу “ төсөл хэрэгжиж, “Багшийн хөгжил Борнуурын ирээдүй”, “Хөгжлийн хурдаар хоцрогдлоо арилгая” төсөл хэрэгжиж суралцахуйг дэмжиж, хөгжих таатай боломжийг бүрдүүлсэн.

ЭЕШ –ын амжилтаар аймагт 2020,2021, 2023, онуудад тавдугаар байр, 2022 онд Дэд байр, 2024 онд Гутгаар байр, төрөлжсөн хичээлийн олимпиадын амжилтаар 2024онд 32 сургуулиас тавдугаар байрт эрэмбэлэгдэж, сургалтын амжилт чанар тогтмолжсон. 2022 онд сурлагын хоцрогдол арилгах, МУ –ын Ерөнхийлөгчийн “Тэрбум мод тарих” хөдөлгөөний хүрээнд зохион байгуулагдсан Улсын уралдаанд III байранд шалгарсан. 2022 оны сумын “Хөдөлмөрийн аварга хамт олон” –оор шалгарсан.